Шинжлэх ухаан технологи үзэсгэлэн

[24 November 2010 | Ес далан зургаа]

2010 оны 11-р сарын 22-нд СТӨ дэх Хүүхдийн номын ордонд “Шинжлэх ухаан технологи 2010” нэртэй үзэсгэлэн нээгджээ. Үзэсгэлэнд Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их сургуулиуд түлхүү оролцсон ба хувийн хэвшлээс “Монос” болон ганц нэг импортлогч компани харагдаж байлаа. Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн хонины ноосон барилгын дулаалгын хавтан, Монгол эрдэмтдийн гаргаж авсан улаан буудайн шинэ сортууд болон “Монос”-ын Эллипин хэмээх хорт хавдрын эсрэг  эм зэрэг бүтээлүүд сонирхол татав. Мөн ШУТИС-ийн МХТС-ийнхний угсарч буй netbook болон ТВ, дэлгэцэнд холбон ашиглах боломжтой процессор бүхий компьютерийн гар сонирхогч ихтэй байлаа.

Байгууллагуудын стэндийг харвал, уул уурхай, геологи, эрдэс баялгийн чиглэлээр дагнан ажилладаг мэргэжлийн байгууллагууд уул уурхайн компаниудын ТЭЗҮ боловсруулагч нэгж болон хувирсан мэт. Тэгэхгүй гээд ч яах юм билээ. Нэг зүйл ажиглагдсан нь, манай эрдэмтэд оригинал санаанд тулгуурласан судалгаа шинжилгээ хийхээс илүүтэй гадны технологийг нутагшуулах ажилд анхаарч байх шиг. Магадгүй энэ нь анхны алхам байж болох… гэхдээ нэг үеэ бодвол судалгаа шинжилгээний ажлын тоо эрс нэмэгдсэн нь сайшаалтай. Харин одоо хувийн компаниуд судалгааны ажилд мөнгө зарж эхлэх хэрэгтэй байна. Монголын эрдэмтэд маш олон болох болтугай!



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.