Oсама сүүлийн удаа сэтгүүлийн хавтаснаа

[9 May 2011 | Ес далан зургаа]

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн том дуулиан бол яах аргагүй Осама бин Ладенг Америкууд алсан явдал байлаа. Эцсийн бүлэгт Америкууд баярлаж, Пакистанууд бантаж, Aрабууд хуваагдаж, пацаанууд гайхаж, эргэлздэгүүд нь эргэлзэв.

Дуулиантай хэрэг мандах тоолонд сонин сэтгүүлүүд хүнд байдалд ордог – бүгд тухайн хэргийг сурвалжлах нь тодорхой учраас ямар нэг аргаар онцгойрох нь чухал болно. Ялангуяа долоо хоног тутмын мэдээний сэтгүүлүүдийн хувьд хавтасны зураг, загвар гэх толгойн өвчин байна. Мэдээж хэрэг, энэ мэт “үлиг болох” магадлалтай сэдвийг шинэлэг өнцгөөс харуулна гэдэг амаргүй ажил. Тэгвэл энэ удаад барууны сэтгүүлүүд Осамагийн үхлийг яаж дүрслэв?

20110510-033334.jpg

New Yorker сэтгүүл нүүрэндээ зөвхөн иллюстраци тавьдаг уламжлалтай. Энэ удаад тэд Осамагийн царайг баллуурджээ. Энгийн атлаа хүчтэй шийдэл.

20110510-034059.jpg

Time сэтгүүл Гитлер, Хуссейн гэх мэт АНУ-ын өстөн дайснуудын сүйрлийг ийнхүү “ёсчилсоор” ирсэн. Тэд бин Ладены энэ зургийг 2001 онд бэлдсэн ба 10 жил хүлээсний эцэст ийнхүү нүүрэндээ залжээ.

20110510-034935.jpg

Newsweek сэтгүүл мөн л Осамагийн нүүр царайг балласан зураг сонгосон байна. Дээрх хоёроос ялгаатай нь гэвэл, ихэнх “цагаан зайгаа” элдэв гарчгаар дүүргэжээ. Ийм том сэдвийн хувьд энэ нь илүүц байж болох ч, гуравхан өнгө ашигласан болохоор бас ч гэж дажгүй, дээр нь өнгөний сонголт хүчтэй байлаа.

20110510-035459.jpg

Economist-ын фото иллюстраци Осама хэмээх нэг нөхрийн үхэл гэхээс илүүтэй түүний нөлөөнд автсан маш олон хүний ирээдүйг хөндсөн мэт. Дүрслэлийн хувьд харьцангуй түгээмэл боловч утга учиртай хавтас болжээ.

20110510-040914.jpg

Bloomberg Businessweek-ын дизайнерууд текстээр тоглох дуртай. Түүнээс гадна энэ удаад өнгөний сонголт гайхалтай байв. Осама үхсэн! Тод ягаан!

20110510-041648.jpg

Италийн Internazionale сэтгүүл. Хамгийн оригинал иллюстраци энэ байж болох. Минималист шийдэл: Осамагийн толгой, хоёр өндөр.

20110510-042039.jpg

Ялалтын өдөр. Хүмүүсийн сэтгэлд хоногшсон зургийг дахин ашиглаж, харьцуулалт хийсэн нь өвөрмөц болжээ.

Харин чамд аль хавтас нь таалагдав?



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.